Logo 1 Logo 2

"Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд" төслийн дэмжлэгтэй ажлын хэсэг Монголын шүүхийн байгууллагуудыг нэгтгэж, хамтын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойллоо

EJAM News

Шүүхийн байгууллагуудын ажлын хэсэг болон "Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд" төслийн багийн хамтарсан хурал 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдав. Энэхүү ажлын хэсэг нь шүүхийн байгууллагууд хоорондоо зөвлөлдөж, үйл ажиллагаагаа уялдуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор төслийн хүрээнд байгуулагдан ажиллаж байгаа юм.

Ажлын хэсэг нь Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн академи, Монголын Шүүгчдийн холбооны удирдлагын түвшний төлөөллөөс бүрддэг. Эдгээр байгууллага нь чиг үүрэг, үйл ажиллагаагаараа ялгаатай боловч Монгол Улсад эрх зүйт ёсыг бэхжүүлэх, шүүхийн хараат бус байдлыг хамгаалах, шүүх эрх мэдэлд итгэх иргэд, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн талаарх мэдлэг ойлголтыг нь сайжруулах тал дээр нэгдмэл зорилготой.

Шүүх эрх мэдэл, шүүхийн тогтолцооны өмнө тулгамдаж буй нийтлэг шинжтэй сорилт, бэрхшээлийг аль нэг байгууллага дангаараа шийдвэрлэх бололцоогүй учир энэхүү ажлын хэсгийг байгуулсан юм.

Шүүхэд итгэх олон нийтийн итгэл, мэдээлэл харилцаа, ёс зүй, шударга ёсны хүртээмж, шүүхийн хараат бус байдал зэрэг нийтлэг бөгөөд суурь шинжтэй асуудалд шүүхийн байгууллагуудын уялдаа холбоо, харилцан ойлголцол тун чухал юм. Иргэдийн зүгээс ч аль байгууллага нь байхаас үл хамаараад шүүх гэсэн агуулгаар хардаг тул зөрүүтэй мэдээлэл өгч, нэг асуудалд өөр өөр өнцгөөс хандаж эхэлбэл шүүхэд итгэх итгэл нь сулрах эрсдэлтэй. Эсрэгээр өөр хоорондоо үйл ажиллагаагаа сайтар уялдуулж, нийтлэг асуудал дээр нэгдмэл байр суурьтай ажиллавал шүүхийн үйл ажиллагаа иргэдэд ойлгомжтой тодорхой болно.  

Энэ дагуу хурлын үеэр нийтлэг хөндөгдсөн асуудал нь шүүхийн байгууллагаас иргэд, олон нийттэй харилцах харилцааг сайжруулах явдал байсан бөгөөд хуралд оролцогчид шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр, шүүгчийн ажил үүргийг иргэдэд хэрхэн энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар тайлбарлаж таниулах талаар хэлэлцсэн. Үүнээс гадна шүүхийн талаар үндэслэлгүй гүтгэлэг гаргах, эсхүл шүүхийн үйл ажиллагаа, шүүх хуралдааны талаар ташаа мэдээлэл гарсан үед авах хариу арга хэмжээний талаар ч хөндөв. Тодруулбал, энэ хүрээнд шүүгч өөрийнхөө гаргасан шийдвэрийн талаар хэвлэл мэдээлэлд тайлбар өгөх нь зохимжгүй гэдэг дээр санал нэгдэж, үүний оронд иргэд, олон нийтэд бодит мэдээллийг шүүхийн хараат бус байдлыг хөндөхгүйгээр нэгдсэн шугамаар хүргэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг онцолж байлаа.  

Дээрх чиглэлээр бодит алхам болгож, шүүхийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн ажилтнуудаас бүрдсэн Мэдээлэл харилцааны дэд хороо байгуулахаар шийдвэрлэсэн юм. Энэхүү дэд хороо нь шүүхийн талаар мэдээлэл өгөх, ялангуяа олны анхаарал татсан, эмзэг асуудал хөндөгдсөн нөхцөл байдал үүсэхэд хэрхэн ажиллаж үйл ажиллагаагаа уялдуулах талаар нэгдсэн арга зүй, стратеги боловсруулж ажиллах юм. Ингэснээр иргэд шүүхийн талаар илүү тодорхой бөгөөд үнэн зөв мэдээлэл авах боломж бүрдэнэ.

Мөн төслийн хоёр дахь жилийн хувьд шүүхэд итгэх иргэдийн итгэл ба мэдээлэл харилцаа, шүүхийн хараат бус байдал, түүний санхүүгийн баталгаа, шүүхийн хариуцлагатай байдал ба ёс зүй зэрэг чиглэлд анхаарч ажиллахаар тогтоов. Төслийн үйл ажиллагаанд баримтлах эдгээр тэргүүлэх чиглэлүүд нь өөр хоорондоо нягт уялдаатай. Шүүгчид аливаа дарамт шахалт, хөндлөнгийн нөлөөгүйгээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд гол нөхцөл нь хараат бус байдлын баталгааг бүрдүүлсэн байх явдал юм.  Үүний зэрэгцээ шүүхийн байгууллагууд иргэд, олон нийтэд шударга ёсны үйлчилгээ үзүүлж, ажлаа тайлбарлан таниулахдаа ил тод, ёс зүйтэй, хариуцлагатай байж, тэдний итгэлийг хадгалах ёстой. Тодруулж хэлбэл, аливаа бэхжиж төлөвшсөн шүүхийн тогтолцоог бүрдүүлэхэд нэг талаас хараат бус байдлын баталгааг хангах, нөгөө талаас иргэдийн итгэлийг хадгалж, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх явдал эн тэнцүү чухал байдаг.

Төслийн хувьд энэхүү ажлын хэсгийг тогтмол хуралддаг зохион байгуулалт гэхээс илүүтэй цаашдаа Монгол Улсын шүүхийн байгууллагууд асуудлаа зөвлөлдөж, хамтран шийддэг, үйл ажиллагааны уялдаа холбоогоо хангадаг соёл төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хамтын ажиллагааны дадал соёл төлөвшсөнөөр шүүхийн байгууллагууд төсөл дуусгавар болсны дараа ч хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг бэхжүүлэн үр нөлөөтэй ажиллах үндэс суурь бүрдэх юм.  

Холбоо барих

Бидэнтэй холбогдох

“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төсөлтэй холбогдож, мэдээлэл авах бол та доорх хаягаар холбогдоно уу.

Цахим шуудан: info@ejam.mn
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, А.Амарын гудамж – 29, “Сан бизнес төв”, 4 давхар 401 тоот, Улаанбаатар – 14200, Монгол Улс

Зөвхөн дотоод хэрэгцээнд:

Төслийн түнш байгууллагууд болон зөвшөөрөлтэй хэрэглэгч нэвтэрч, төслийн дотоод үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг, материалтай ажиллана.

Нэвтрэх

Энэхүү төслийг Канад Улсын Засгийн газраас тус улсын Гадаад хэргийн яамаар дамжуулан санхүүжүүлэв.