Төслийн тухай
“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төсөл нь Монгол Улсын шүүхийн байгууллагуудын оролцоотой хэрэгжиж буй хамтын ажиллагааны төсөл юм. Шүүхийн байгууллага хараат бус, мэргэжлийн байж, чиг үүрэг, үйл ажиллагаагаа харилцан уялдаатай, иргэдэд илүү ойлгомжтой хэрэгжүүлснээр шүүх эрх мэдэлд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ гэсэн энгийн боловч суурь үзэл баримтлал дээр энэхүү төсөл суурилдаг. Энэ дагуу Монгол Улсын шүүхийн байгууллагуудын тус тусын үйл ажиллагаанд болон өөр хоорондоо харилцан хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлэх бөгөөд цаашид шүүхийн байгууллагууд өөрийн чиг үүргийн хүрээнд тогтвортой хэрэгжүүлэх бололцоотой үйл ажиллагаанд төвлөрнө.
Төслийг Канад Улсын Засгийн газар санхүүжилтээр тус улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газраас холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа бол Монгол талаас шүүхийн болон хууль зүйн салбарын түнш байгууллагууд идэвхтэй оролцож, төслийн үр дүнг бэхжүүлэх, тогтвортой хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.
Төслийн үйл ажиллагаа нь бүхэлдээ шүүх эрх мэдлийн байгууллагуудад төвлөрнө. Иргэд, олон нийтийн шүүх эрх мэдэлд итгэх итгэл нь тэдний шүүх, хуулийн байгууллагад хандаж үйлчилгээ авсан бодит туршлагаас эх сурвалжтай байдаг тул шүүхийн үйлчилгээний асуудлуудыг онцгой анхаарна. Ингэхдээ шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд болон шүүн таслах ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, боломжит бүхий л дэмжлэгийг үзүүлнэ.
Төслийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”, мөн шүүх эрх мэдлийн дараагийн 10 жилийн шинэтгэлийн тулгуур баримт бичиг болох “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-д нийцүүлж боловсруулсан.
Иймд төслийн зүгээс түнш байгууллагууддаа дээрх бодлогын зорилт, арга хэмжээгээ бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлэхэд нь иж бүрэн дэмжлэг үзүүлж ажиллана. Энэ хүрээнд шүүхийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болохуйц ажлын хэрэглэгдэхүүн, гарын авлага, удирдамж, материал боловсруулах, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын харилцан туршлага солилцох, мэдээлэл түгээх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, цаашлаад аливаа сургамжийг өөрийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх, үр дүнг тууштай хадгалж хэвшүүлэх зэрэг цогц үйл ажиллагаа багтана.
Төсөл нь дараах гурван үндсэн чиглэлээр хэрэгжинэ:
Шүүхийн хараат бус байдал, институцийн шударга байдал
Шүүхийн хараат бус, шударга байдлыг дээшлүүлэх, институцийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал, шүүхийн байгууллагуудын хэмжээнд мэргэжлийн үйл ажиллагааны стандарт төлөвшүүлэх, ёс зүйтэй соёл, дадал хандлагыг бэхжүүлэх, иргэдийн итгэл, хүлээлтэд нийцсэн үйл ажиллагааг бий болгох, үүрэг хариуцлагыг тодруулах зэрэг чиглэлийн үйл ажиллагаа багтана.
Шүүхэд итгэх иргэдийн итгэл
Төслийн зүгээс иргэд, олон нийтийн итгэл нь тэдний мэдлэг, ойлголт, туршлагаас шууд эх сурвалжтай гэж үзэж байна. Шүүхийн байгууллагууд өөрсдийн чиг үүрэг, үйл ажиллагаагаа иргэдэд ойлгомжтой тайлбарлан таниулж, үйл тогтвортой, харилцан уялдаатай, хамтран ажилласнаар иргэд, олон нийтийн итгэл бэхжинэ. Иймд төслийн хүрээнд шүүхийн байгууллагууд үйл ажиллагаагаа энгийн, ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан таниулах, мэдээллийг түгээх, өөрийн чиг үүргийн хэмжээнд иргэд, олон нийттэй харилцах, хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлнэ.
Шударга ёсны хүртээмж ба шүүхийн байгууллагуудын хариу арга хэмжээ авах чадавх
Төслийн зүгээс иргэдийг шүүхийн байгууллагад хандан үйлчлүүлэх нөхцөл боломжийг дээшлүүлэхэд чиглэсэн бодит алхмыг дэмжин ажиллана. Энэ хүрээнд шүүхийн мэдээлэл, үйл ажиллагаа, харилцаа, хамтын ажиллагааны цогц асуудалд хэрэглэгч төвтэй арга барилаар хандаж, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутгийн иргэд болон шүүхийн үйлчилгээний болон мэдээллийн хүртээмж тэгш бус байж болзошгүй бусад бүлгийн өмнө тулгамдсан асуудалд анхаарч ажиллана.
Төслийн түншүүд
“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төсөл нь шүүхийн байгууллага хоорондын хамтын ажиллагаанд суурилдаг. Монгол талын түнш байгууллагууд төсөлд хамаарах өөрсдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлнэ. Канад талын хувьд өөрийн байгууллагуудаар дамжуулан хоёр улсын шүүхийн байгууллагуудын мэргэжлийн түвшний хамтын ажиллагааг дэмжих, институцийн чадавхыг бэхжүүлэхэд төвлөрч ажиллана.
Монгол Улсын түнш байгууллагууд
Монгол Улсын дээд шүүх
Улсын дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх мөн. Улсын дээд шүүх нь шүүхийн шийдвэр, практикт үндэслэн хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гарган нийтлэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг. Улсын дээд шүүх нь Ерөнхий шүүгч болон хорин дөрвөн шүүгчээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны хэргийн дагнасан танхимтай.
Шүүхийн ерөнхий зөвлөл
Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах үндсэн чиг үүрэг бүхий шүүхийн захиргааны төв байгууллага юм. Тус зөвлөл нь шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийг хүний нөөцөөр хангах, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах зэрэг чиг үүргийг хуулиар хүлээсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл нь орон тооны 10 гишүүнээс бүрдэх бөгөөд үүний тав нь шүүгч, үлдсэн тав нь шүүгч бус гишүүн байна. Ерөнхий зөвлөлийн гишүүд нь дөрвөн хугацаагаар нэг удаа ажиллана.
Шүүхийн сахилгын хороо
Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт, 2021 онд батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу байгуулагдсан шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага юм. Сахилгын хороо нь орон тооны есөн гишүүнээс бүрдэх бөгөөд үүний дөрөв нь шүүгч, тав нь шүүгч бус гишүүн байна. Сахилгын хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байх бөгөөд зөвхөн нэг удаа сонгогдож, томилогдоно.
Шүүхийн академи
Шүүхийн академи нь шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан шүүгчдийн сургалт, мэргэшлийн хөгжлийг хариуцдаг байгууллага бөгөөд Улсын дээд шүүхийн дэргэд ажилладаг. Шүүгч нь нэг жилд 32 цагийн сургалтад хамрагдах үүрэгтэй бөгөөд өөрийн сонголтоор нэмэлт сургалтад хамрагдаж болно. Шүүхийн академи нь шүүгчдэд зориулсан цахим сургалтын хөтөлбөрөө эрчимтэй хөгжүүлэхийн зэрэгцээ цахим номын сантай. Цаашлаад иргэд, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, Мэдээллийн төв, “Шүүхийн суваг” байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.
Монголын Шүүгчдийн холбоо
Монголын Шүүгчдийн холбоо нь бүх шатны шүүхийн шүүгчдийг эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн төрийн бус байгууллага юм. Тус холбоо нь гишүүдийнхээ мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, хууль ёсны ашиг сонирхлыг нь төлөөлөн хамгаалах, шүүхийн талаар иргэд, олон нийтэд мэдээ мэдээлэл хүргэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Цаашлаад Канад Улсын дэмжлэгтэйгээр өмнө хэрэгжсэн төслийн хүрээнд байгуулагдсан Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороо нь тус холбооны дэргэд ажиллаж, тодорхой ёс зүйн асуудлаар зөвлөмж өгч ажилладаг.
“Оюуны-Инноваци” ТББ
“Оюуны-Инноваци” ТББ нь Монгол Улсын хууль зүйн салбарт тогтвортой ажиллаж буй төрийн бус байгууллага юм. Иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэг, мэдээлэл, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, иргэдийн шүүхийн байгууллагад хандаж үйлчилгээ авах чадавхыг бэхжүүлэхэд төвлөрч ажилладаг. Мөн тус байгууллага нь “Шүүхийн индекс”-ийг хоёр жил тутам эрхлэн гаргадаг бөгөөд уг судалгаагаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийн түвшинг хэмждэг.
Канад талын хэрэгжүүлэгч түнш
Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газар
Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газар нь холбооны шүүхэд томилогдсон шүүгчдэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.
Тус байгууллага нь дээд шатны шүүхийн шүүгчдийг сонгон шалгаруулж томилох ажлыг зохион байгуулах, Дээд шүүхийн шүүгчдийн сонгон шалгаруулалт, томилгоонд дэмжлэг үзүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллагад захиргаа, зохион байгуулалтын болон бодлогын дэмжлэг үзүүлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэй. Цаашлаад шүүгч шүүн таслах чиг үүргээ хэвийн тасралтгүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгаа болон мэргэжлийн шинжтэй хэрэгцээ шаардлагыг нь хангах замаар шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилладаг. Тус газар нь мөн Канадын Шүүхийн зөвлөлийн ажлын албаны үүргийг хэрэгжүүлж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг байна. Олон улсын түвшинд өөрийн хуулиар хүлээсэн чиг үүрэг болон туршлагадаа тулгуурлан шүүхийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг Канадын шүүх эрх мэдлийг төлөөлөн хэрэгжүүлдэг.
Канад Улсын Шүүхийн үндэсний хүрээлэн
Канад Улсын Шүүхийн үндэсний хүрээлэн нь холбооны шүүхэд томилогдсон шүүгчдэд зориулсан шүүхийн сургалтын үндсэн байгууллага юм.
Тус хүрээлэн нь шүүгчдэд зориулсан үргэлжилсэн сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, шүүгчдийн мэргэшлийн түвшин, ур чадварыг дэмжих, мэргэжлийн бөгөөд чанартай сургалтаар дамжуулан шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх зэрэг чиг үүрэгтэй ажилладаг.
Цаашлаад тус хүрээлэн нь сургалтын хөтөлбөрийн дизайн, насанд хүрэгсдийн сургалтын арга зүй, шүүгчээс шүүгчид чиглэсэн мэргэжлийн сургалт зохион байгуулж ирсэн туршлагадаа тулгуурлан шүүхийн сургалтын олон улсын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.
Төсөл хэрхэн ажилладаг вэ?
“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төсөл нь шүүхийн байгууллага хоорондын тогтвортой бүтэц, зохион байгуулалт бүхий хамтын ажиллагаанд суурилж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэнэ. Энэ хүрээнд шүүхийн үйл ажиллагаанд хэрэглэгдэхүйц практик аргачлал хэрэглэгдэхүүн боловсруулах, мэргэжлийн түвшинд мэдээлэл, туршлага солилцох ажилд дэмжлэг үзүүлнэ. Цаашлаад төслийн зүгээс шүүхийн байгууллагуудын хамтын буюу нийтлэг зорилго, зорилтыг бодит байдалд нийцсэн, урт хугацаанд тогтвортой хэрэгжихүйц, тогтмол сайжруулах боломжтой арга хэмжээ болгон хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
Түүнчлэн хоёр улсын шүүхийн байгууллага, шүүгчид хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэн мэдлэг, туршлага солилцох нөхцөл бүрдүүлэх зорилгоор Канадын шүүхийн байгууллагуудын олон жилийн туршлага хуримтлуулсан үйл ажиллагааны тодорхой чиглэлийг хамруулсан. Тухайлбал, энэ хүрээнд иргэд, олон нийтийн итгэлийг тууштай бэхжүүлэх үндэс суурь болсон шүүхийн шударга байдал, ёс зүй, соёл, хандлага, шүүхийн сургалт, мэргэжлийн хөгжил, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн тулгамдсан асуудалд чиглэсэн шийдлийг дурдаж болно.
Төслийн үйл ажиллагаанд баримтлах тэргүүлэх чиглэлийг Монгол талын түнш байгууллагуудтай зөвлөлдөж, хамгийн чухал бөгөөд хэрэгжих боломжтой гэж тодорхойлсон асуудлын хүрээнд тогтооно. Тодруулбал, шүүхийн тогтолцоонд бүхэлд нь хамаарах нийтлэг асуудлууд, мөн шүүхийн мэдээлэл, процесс, үйл ажиллагааг сайжруулснаар иргэд, олон нийтийн итгэлийг бэхжүүлэх боломжтой орон зай зэргийг энэ хүрээнд авч үзнэ.
Төсөл нь peer‑to‑peer буюу шүүхийн байгууллага, шүүгчдийн мэргэжлийн түвшний хамтын ажиллагаанд түшиглэх бөгөөд энэ дагуу шүүгч-шүүгч, шүүхийн захиргаа-шүүхийн захиргаатай, сургагч багш – сургагч багш гэсэн хамтын ажиллагааг бүрдүүлж ажиллана. Мөн шүүх, шударга ёсны тогтолцоо, экосистемийг бэхжүүлэх үүднээс төрийн бус байгууллагууд болон мэргэжлийн холбоодын харилцан туршлага солилцох арга хэлбэрийг багтаана. Энэ нь шүүхийн байгууллагууд тус тусын чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог, тулгамдаж буй саад бэрхшээл, практик нөхцөл байдлын талаар илүү сайн ойлголцож, шүүх эрх мэдлийг институцийн хувьд бэхжүүлэхэд чиглэнэ.
Төслийн зүгээс аливаа үйл ажиллагаа, дэмжлэгийг бодит хэрэгцээ, практик нөхцөл байдалд нийцүүлэн үзүүлнэ. Энэ хүрээнд тухайн үйл ажиллагааны онцлогоос хамаараад дараах арга барилыг баримтална:
- Нийтлэг тулгамдаж буй сорилт, бэрхшээлийг нэгдсэн байдлаар хамтран шийдвэрлэх
- Аливаа дүрэм, журам, заавар, протокол, загвар зэргийг боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх
- Шүүхийн академи болон бусад байгууллагаар дамжуулан сургалтын үйл ажиллагаа, мэргэжлийн хөгжлийг дэмжих
- Канадын болон шаардлагатай тохиолдолд бусад улсын мэдлэг, туршлага бүхий мэргэжилтнүүдтэй туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулах
- “Оюуны-Инноваци” ТББ болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран иргэн төвтэй арга хэлбэрээр шүүхийн мэдээ мэдээллийг түгээх, оролцоог хангах.
Төслийн засаглалын бүтэц
Төсөл удирдах хороо
Төслийн удирдах хороо нь төслийн засаглалын дээд байгууллага байх бөгөөд төслийн үйл ажиллагааг төслийн төлөвлөгөө, үр дүнгийн хүрээ зэрэг суурь баримт бичигт нийцүүлэх чиглэлээр стратегийн чиглэл өгөх, нийт оролцогч байгууллага болон төслийн бүрэлдэхүүн хэсгийн уялдааг хангуулах чиг үүрэгтэй. Төсөл удирдах хороо нь стратегийн удирдлага, зохицуулалтаар хангах, зохих шийдвэр гаргах зэргээр төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлнэ.
Шүүхийн байгууллагуудын ажлын хэсэг
Энэхүү ажлын хэсэг нь Монгол Улсын шүүхийн байгууллагууд төслийн хүрээнд харилцан зөвлөлдөх, үйл ажиллагааны уялдаа холбоогоо хангах талбарын үүрэг гүйцэтгэнэ. Тодруулбал, зөвлөлдөх, хамтарсан төлөвлөлт гаргах, үйл ажиллагаагаа уялдуулах замаар төслийн хүрээнд нийтлэг байдлаар хөндөгдөх сэдэв, асуудлыг илүү үр дүнтэйгээр хэлэлцэн шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Төсөл хэрэгжүүлэх хороо
Төсөл хэрэгжүүлэх хороо нь төслийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, төлөвлөсөн үр дүнд хугацаанд нь хүргэх, түнш байгууллагууд болон Монгол дахь төслийн багийн харилцах нөхцөлийг бүрдүүлсэн бүтэц байна. Тодруулбал, энэ хороо нь Монгол дахь түнш байгууллагууд болон төслийн багийн төлөөллөөс бүрдсэн өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах, зохицуулалт хийх, асуудал шийдвэрлэх чиг үүрэгтэй гүйцэтгэх түвшний бүтэц байна.
Төслийн баг
Монгол болон Канадад “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн хэрэгжилт, үйл ажиллагааны уялдаа холбоо, хяналтыг хариуцсан баг ажилладаг.
Канад Улсын нийслэл Оттава хот дахь Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын төслийн багт Төслийн захирал, менежер, үйл ажиллагааны зохицуулагч, санхүүгийн ажилтан ажилладаг.
Мөн тус багт Үр дүнд суурилсан удирдлага, хяналт-шинжилгээ, үнэлгээ, суралцахуйн (RBM/MEAL) асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн дэмжлэг үзүүлдэг.
Монгол Улс дахь багийн хувьд Төслийн удирдагч болон зохицуулагч гэсэн хоёр ажилтантай.
Бидэнтэй холбогдох
“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төсөлтэй холбогдож, мэдээлэл авах бол та доорх хаягаар холбогдоно уу.
Зөвхөн дотоод хэрэгцээнд:
Төслийн түнш байгууллагууд болон зөвшөөрөлтэй хэрэглэгч нэвтэрч, төслийн дотоод үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг, материалтай ажиллана.
Энэхүү төслийг Канад Улсын Засгийн газраас тус улсын Гадаад хэргийн яамаар дамжуулан санхүүжүүлэв.