“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төсөл нээлтээ хийлээ.
“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн нээлтийн арга хэмжээ 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Шангри-Ла зочид буудлын танхимд боллоо. Шүүхийн байгууллагуудын итгэлцэл, тогтвортой хамтын ажиллагаанд түшиглэх энэхүү төслийн нээлт эерэг, дулаан уур амьсгал дунд болж өрнөсөн нь төслийн үйл ажиллагааны цаашдын арга барил, суурь зарчмыг илтгэн харуулж байв.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, шүүхийн болон иргэний нийгмийн байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцов. Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Дауст арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ шударга ёсны хүртээмж нь иргэдийн өдөр тутмын аж амьдралд хамааралтайг тэмдэглээд хараат бус, шударга шүүх нь тэгш байдал, хүний эрхэм чанар, шүүхэд итгэх иргэдийн итгэлд чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг мөн нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ шүүхийн байгууллагууд тогтвортой хамтран ажиллаж, бодитой түншлэлийг бүрдүүлэхийн ач холбогдлыг онцолсон юм.
Төслийн нээлтийн арга хэмжээний үеэр мөн шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагааг бататгаж, Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Дэд комиссар Эрроулин Хамфрис болон Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн академи, Монголын шүүгчдийн холбоо болон “Оюуны-Инноваци ТББ” нарын төлөөлөл хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр төслийн үйл ажиллагаа төлөвлөлтөөс институцийн түвшний бодит хамтын ажиллагааны шинэ шатанд шилжсэн юм.
Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид санал бодлоо чөлөөтэй солилцон зөвлөлдөж байсан нь “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн дараагийн таван жилд баримталж ажиллах зарчим, хамтын ажиллагааны зорилтыг тодорхой илтгэж байлаа. Мөн Монгол ардын уртын дуу, морин хуурын уянгат аялгууг эшиглэж, өдөр тутамдаа тэр бүр зөвлөлдөн ярилцах нь ховор байдаг олон байгууллагын төлөөлөл нэг дор цуглан санал солилцож, харилцан ойлголцсон, зорилго чиглэлээ хамтран тодорхойлсон үр дүнд хүрснээр арга хэмжээ өндөрлөлөө.
Байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоонд түшиглэх төслийн хувьд харилцан зөвлөлдөх, хамтач уур амьсгалыг бүрдүүлж ажиллах нь цаашдаа төслийн үндсэн арга барил болох юм.









