“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн талаар Нийт шүүгчийн чуулганд танилцууллаа
“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн баг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийт шүүгчийн чуулганд уригдан оролцож, Монгол Улсын шүүхийн нийт шүүгчдэд төслийнхөө талаар танилцууллаа. Энэ нь төслийн түнш байгууллагуудын хувьд төслийн эхэн үед ийнхүү нийт шүүгчдэд таван жилийн хугацаанд хүрэхээр зорьж буй үр дүн, зорилго, чиглэлээ дэлгэрэнгүй танилцуулах завшаан тохиосон цаг мөч байв.
Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрыг төлөөлөн Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаковын зүгээс төсөл нь Канад-Монголын шүүхийн байгууллагын урт хугацааны түншлэлийн санаачилга болохыг тэмдэглээд энэ хүрээнд иргэн төвтэй, жендэрийн мэдрэмжтэй шүүх эрх мэдлийг төлөвшүүлэх, шүүхийн нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэн иргэдийн итгэлийг дээшлүүлэх, иргэд, ялангуяа охид, эмэгтэйчүүд болон эмзэг нөхцөл байдалд байгаа иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн баталгааг сайжруулах талаар өөр хоорондоо харилцан уялдаатай зорилт дэвшүүлэн ажиллаж буйгаа танилцуулав. Шүүхийн байгууллага нь үйл ажиллагаагаа иргэдэд ойлгомжтой тодорхой байдлаар хэрэгжүүлдэг, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэдэг болсноор шүүхэд итгэх олон нийтийн итгэл бэхжинэ. Иргэдийн итгэл нэмэгдэхтэй зэрэгцэн шүүх эрх мэдлийг төрийн эрх мэдлийн бие даасан салбар болохын хувьд нь хүлээн зөвшөөрөх хандлага төлөвшинө.
Түүний танилцуулгад түншлэл болон шүүхийн байгууллагуудын гүйцэтгэх үүргийн талаарх агуулга олонтаа дурдагдаж байв. Тодруулбал, тэрээр “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төсөл нь Канадын туршлагыг асуудал гарц шийдэл болгон зөвлөх бус, харин Монгол Улсын тэргүүлэх чиглэл, урт хугацааны хөгжлийн чиг хандлагад суурилж, шүүхийн байгууллагуудын тогтвортой түншлэлийг төлөвшүүлэхээр зорьж буйг онцолсон юм.
Монгол Улсын өнцөг булан бүрд шүүн таслах онцгой бөгөөд хариуцлагатай чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж буй шүүгчдийг нэг дор цуглуулсан энэхүү чухал арга хэмжээнд урин оролцуулж, төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулах боломж олгосонд онцгойлон талархал илэрхийлж байна.

