Logo 1 Logo 2

Шүүхийн чадавхыг бэхжүүлэх замаар иргэд олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах боломжийн талаар хэлэлцлээ

EJAM News

"Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд" төслийн Канад талын төлөөлөгчид, мөн Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст нар Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр уулзалт хийв.

Талууд уулзалтын хүрээнд Монгол Улсад шүүхийн хараат бус, шударга, нээлттэй, ил тод байдлыг хэрхэн бэхжүүлж, шүүхийн үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх асуудлыг онцлон авч үзсэн юм.    

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарын зүгээс Монгол-Канадын хамтын ажиллагааг болон энэхүү төслийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлээд Монгол Улсын ардчилалд шилжих өөрчлөлт шинэтгэлийн үйл явц, төрийн институцийг бэхжүүлэх, чадавхжуулах нь урт хугацааны үйл явц болохыг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр нээлттэй, ил тод байдал, ёс зүй, шүүхэд чиглэсэн зохистой дэмжлэг зэрэг нь иргэд, олон нийтийн итгэлийг хүлээсэн шүүхийн тогтолцоог бүрдүүлэх үндэс суурь болохыг дурдсан.  

Энэ хүрээнд уулзалтын үндсэн сэдэв нь шүүхийн ил тод байдлын асуудал байв. Монгол Улс энэ чиглэлд тодорхой бөгөөд чухал алхмыг тавьж, хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Улсын дээд шүүхийн шүүх хуралдааныг шууд дамжуулдаг болсон байна. Шүүхийн үйл ажиллагааг ийм байдлаар нээлттэй байлгаснаар шүүх хуралдаан хэрхэн явагддаг, шийдвэрээ хэрхэн гаргадаг, яагаад шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх шаардлагатай талаар иргэдэд ойлгуулахад дөхөмтэй юм.  Ийнхүү шүүхийн үйл ажиллагааг иргэдэд ойлгомжтой тодорхой болох тусам шүүхийг нийгэмд үйлчилдэг институц болох талаас нь авч үзэх боломж бүрдэнэ. 

Мөн уулзалтын хүрээнд төрийн эрх мэдлийн салбар хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг хөндөв.  Тодруулбал, шүүхийн хараат бус байдал гэдэг нь шүүх, шүүгч нар бусдаас бүрэн тусгаарлагдана гэсэн үг биш. Ардчилсан нийгэмд шүүх, парламент, гүйцэтгэх эрх мэдэл нь тус тусын чиг үүрэгтэй боловч аль алиныхаа чиг үүрэг, үйл ажиллагаа, онцлогийг харилцан ойлгодог, хүндэтгэдэг байх нь чухал.  Жишээ нь шүүх хэвийн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах төсөв дутагдвал хэрэг маргаан хянан шийдвэрлэх хугацаа нь сунжирч, иргэдийн итгэл сулардаг. Иймд шударга ёсыг тогтооход хөрөнгө оруулалт шаардлагатай талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар тэмдэглэв.

Канад Улсын Нью-Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричардын зүгээс Канад, Монголын шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагаа 2022 оноос эхлэлтэйг дурдаад энэ хугацаанд Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороог байгуулсан, мөн шүүгчийн ёс зүйн чиглэлээр тодорхой ажил хийгдсэнийг тэмдэглэв.   Мөн тэрбээр “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төсөл нь эдгээр ажлын үр дүнд суурилан хэрэгжиж буйг онцлоод иргэд, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэх, шүүгчдийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн баталгааг дээшлүүлэх, шүүхийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бүрдүүлэх зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж буй талаар танилцуулав.

Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков цааш үргэлжүүлэн төслийн хүрээнд Монгол талын зургаан түнш байгууллагатай хамтран ажиллаж байгаа талаар дурдаад эхний ээлжинд шүүхийн байгууллагууд дунд зөвлөлдөж хамтран ажиллах дадал хэвшил төлөвшүүлэх, улмаар цаашдаа төрийн эрх мэдлийн бусад байгууллагуудтай зөвлөлдөх механизм бүрдүүлэхийг зорьж буй талаараа танилцуулав. Тодруулбал, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг шүүх эрх мэдэл дангаараа нэмэгдүүлэх боломжгүй учир эрх мэдэл хоорондын зөвлөлдөх механизм нэн чухал байна.  

Мөн уулзалтын үеэр иргэдийнхээ итгэлийг хүлээсэн, шударга шүүхийн тогтолцооны нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг хөндөв. Тухайлбал, бэхжиж төлөвшсөн шүүх эрх мэдэл нь иргэдийн эрхийг хамгаалж, хариуцлагатай дадал, соёлыг төлөвшүүлэн иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч нарт тогтвортой орчин бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ утгаараа шүүхийн шинэтгэл гэдэг нь зөвхөн шүүхийн асуудал бус, харин ардчилсан нийгмийг цогцлоох, сайн засаглалыг төлөвшүүлэх, эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх зэрэг нийтлэг зорилготой шууд уялдаатай юм.

“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн зүгээс Монголын шүүхийн байгууллагуудын манлайлал, хүчин чармайлт, Канадын туршлагад тулгуурлан дээрх зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ажиллана. Энэхүү уулзалтын агуулга ч нээлттэй, ил тод, шударга, хариуцлагатай, иргэдийн итгэлийг хүлээсэн шүүх эрх мэдлийг бэхжүүлэхэд чиглэсэн шинэтгэлийн ач холбогдлыг дахин бататгасан юм.

Холбоо барих

Бидэнтэй холбогдох

“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төсөлтэй холбогдож, мэдээлэл авах бол та доорх хаягаар холбогдоно уу.

Цахим шуудан: info@ejam.mn
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, А.Амарын гудамж – 29, “Сан бизнес төв”, 4 давхар 401 тоот, Улаанбаатар – 14200, Монгол Улс

Зөвхөн дотоод хэрэгцээнд:

Төслийн түнш байгууллагууд болон зөвшөөрөлтэй хэрэглэгч нэвтэрч, төслийн дотоод үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг, материалтай ажиллана.

Нэвтрэх

Энэхүү төслийг Канад Улсын Засгийн газраас тус улсын Гадаад хэргийн яамаар дамжуулан санхүүжүүлэв.