"Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд" төслийн Удирдах хорооны хурал болж, шүүхийн шинэтгэлийн хүрээнд хэрэгжиж буй түншлэлийн шинэ үе шатыг тодорхойллоо
"Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд" төслийн Удирдах хорооны хоёрдугаар хурал 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Дээд шүүхийн байранд болж өнгөрлөө. Энэхүү хурлаар Монгол болон Канадын түншүүд төсөл хэрэгжиж эхэлснээс хойш гарч буй үр дүн ахиц дэвшлээ дүгнэж, ирэх жилийн үйл ажиллагааны чиглэлээ хэлэлцэн тохирсон юм.
Удирдах хорооны хурал Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн зохион байгуулагддаг танхимд явагдсаныг дурдах нь зүйтэй. Энэхүү хүндэтгэлтэй танхимд хуралдаан зохион байгуулах боломжийг “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төсөлд анх удаа олгосон явдалд төслийн баг хамт олон туйлын талархалтай байв. Тодруулбал, энэ нь бэлгэдлийн шинж чанартай гэхээс илүүтэй өнгөрсөн гурван жилийн хугацаанд буюу Техникийн туслалцааны түншлэлийн төслөөс эхэлж, “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслөөр залгамжлан бэхжиж буй Монгол, Канадын шүүхийн байгууллагуудын итгэлцэл, хамтын ажиллагааны илэрхийлэл гэж үзэж байна.
Хурлыг Канад Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Күтюр болон Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа нар хамтран даргалж, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн академи, Монголын шүүгчдийн холбоо болон "Оюуны-Инноваци" ТББ гэсэн зургаан байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Төслийн удирдах хороо нь “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн хувьд засаглалын үндсэн бүтэц болж, төслийн хэрэгжилтийг хянан стратегийн чиглэл, удирдамж өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Ингэхдээ Монгол Улсын шүүхийн тогтолцоог хараат бус, шударга, хүртээмжтэй, ил тод байдлыг бэхжүүлж, жендэрийн мэдрэмжийг нэмэгдүүлэн олон нийтийн итгэлийг дээшлүүлэх асуудалд онцгойлон анхаардаг.
Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа хурлыг нээж хэлсэн үгэндээ төслийн хэрэгжилтийн эхний зургаан сард гарсан үр дүнг тоймлон дүгнэсэн юм. Тэрээр тус төсөл нь шүүхийн байгууллагууд өөр хоорондоо зөвлөлдөж, үйл ажиллагаагаа уялдуулах шинэ соёл бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг тэмдэглэсэн бөгөөд энэ нь төслийн дэвшүүлж буй хамгийн чухал зорилтын нэг юм. Шүүхийн тогтолцооны өмнө тулгарч буй олон сорилт, түүний дотор олон нийтийн итгэл, шударга ёсны хүртээмж, ёс зүй, ил тод байдал болон шүүхийн хараат бус байдлын асуудлыг аль нэг байгууллага дангаараа шийдвэрлэх боломжгүй бөгөөд гагцхүү шүүхийн байгууллагууд хамтын зорилго, чиглэлтэйгээр өөр хоорондоо зөвлөлдөн үйл ажиллагаагаа уялдуулж ажиллахыг шаарддаг онцлогтой юм.
Хурал хамтран даргалагч Жан-Стефан Күтюрийн зүгээс Канад Улс энэхүү төсөлд тууштай дэмжлэг үзүүлж буйгаа дахин онцолж, Монгол болон Канад улс хооронд өндөр түвшинд харилцан туршлага солилцох чухал боломжийг бүрдүүлж буй талаар дурдсан юм. Мөн тэрбээр түнш байгууллагууд болон бусад хөгжлийн хөтөлбөр, төслүүдийн ажлын уялдаа холбоог хангахын ач холбогдлыг онцолж, үүний үр дүнд Монгол Улсын шүүх эрх мэдлийн салбарт үзүүлж буй олон талт дэмжлэгийг бодитой үр дүнд чиглүүлэх боломжтойг тэмдэглэв.
Мөн хурлын явцад төслийн хэрэгжилтийн эхний үе шатны ололт амжилтыг хэлэлцсэн юм. Тухайлбал, төсөл хэрэгжиж эхлээд зургаан сарын хугацаа өнгөрч буй боловч урт хугацааны үр дүнтэй хэрэгжилтийг хангахад шаардлагатай олон чухал ажлын үндэс суурь тавигдсан байна. Жишээ нь Төслийн Удирдах хороо, Төсөл хэрэгжүүлэх хороо, Шүүхийн байгууллагуудын ажлын хэсэг зэрэг төслийн суурь зохион байгуулалтын бүтцийн үйл ажиллагаа жигдэрч, идэвхтэй ажиллаж байгаагаас гадна төслийн цахим хуудсыг хөгжүүлж, ажиллагаанд оруулав. Цаашлаад эхний бодит үр дүн гарч, Шүүхийн академи болон Канад Улсын Үндэсний шүүхийн хүрээлэнгээс хамтарсан сургалт зохион байгуулсан байна. Мөн шүүгчдэд зориулсан олон нийттэй харилцах чиглэлийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн, шударга ёсны хүртээмжид тулгамдаж буй асуудал, саад бэрхшээлийг тодорхойлох судалгаа хийгдсэн, шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо болон цалин хөлсний асуудлаар тодорхой ажлууд хэрэгжиж эхлээд байна. Үүнээс гадна Шүүхийн сахилгын хорооны талаарх шүүгчдийн мэдлэг, ойлголт, хандлагыг тодорхойлох томоохон судалгааны ажил хийгдсэн байна.
Дээрх үйл ажиллагаа нь иргэдэд ч тодорхой ач холбогдолтой, хамааралтай болно. Учир нь эдгээр үйл ажиллагаа нь бүгд иргэдийн шүүхэд итгэх итгэлд нөлөөлөхүйц бодит асуудлуудтай холбогдож байгаа юм. Тухайлбал, шүүхийн үйл ажиллагаа иргэдэд ойлгомжтой байгаа эсэх, алслагдсан орон нутгийн иргэд шүүхэд хандах эрхээ эдэлж чадаж байгаа эсэх, шүүхийн ажилтнууд иргэдтэй хүндэтгэлтэй харилцаж чадаж байгаа эсэх, шүүгчдэд зориулсан зохих сургалт, мэргэжлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа явагдаж буй эсэх, шүүгчдийн сахилга, хариуцлагын тогтолцоо нь тодорхой бөгөөд шударга байгаа эсэх, мөн шүүхийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй бөгөөд хариуцлагатай байдлаар тайлбарлан таниулж чадаж байгаа эсэх гээд олон чухал асуудлыг эдгээр үйл ажиллагааны хүрээнд хөндсөн байна.
Хурал цааш үргэлжлэн төслийн 2026 оны 4 дүгээр сараас 2027 оны 3 дугаар сар хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэв. Энэ хүрээнд түнш байгууллагуудын зүгээс шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чадавхыг бэхжүүлэх, шүүхийн захиргааны ажилтнуудыг дэмжих, төлөвлөгдсөн шүүхийн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зэрэг цогц асуудлуудыг онцолсон юм. Мөн шүүхийн хараат бус байдлыг хангаж, төрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчмыг бэхжүүлэх чиглэлээр ажиллахаас гадна Монгол Улсын шүүх эрх мэдлийн салбарт хэрэгжиж буй бусад төслүүдтэй уялдаа холбоогоо улам сайжруулахаар тохиролцлоо.
Мөн төслийн мэдээлэл харилцааны гол суваг болох www.ejam.mn цахим хуудсыг албан ёсоор нээж, ашиглаж эхлэв. Энэхүү цахим хуудас нь төслийн талаарх мэдээ мэдээлэл, төслийн хүрээнд боловсруулж гаргасан судалгаа, ном, гарын авлага, сургалтын материал зэргийг монгол болон англи хэл дээр үзэж танилцах боломжтой талбар байх бөгөөд төслийн үйл ажиллагааг илүү нээлттэй, хүртээмжтэй болгох нэг чухал алхам болов.
Удирдах хорооноос мөн Жендэрийн тэгш байдал, хүний эрх, эмзэг бүлгийн иргэдийн талаар баримтлах стратегийн төсөл болон Мэдээлэл харилцааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн дэмжив. Эдгээр нь жендэрийн эрх тэгш байдал, оролцоо, хүртээмж, иргэдийн итгэлийн асуудлыг төслийн бүхий л үйл ажиллагаанд харгалзан авч үзэхэд чиглэсэн суурь баримт бичгүүд юм.
Төслийн удирдах хорооны энэхүү хурал нь “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төсөл бэлтгэл шатнаас идэвхтэй хэрэгжилтийн үе шатанд шилжиж буйг баталж, илүү бодитой үр дүнд чиглэсэн, өргөн цар хүрээтэй, олон талт үйл ажиллагааг төлөвлөж өгснөөрөө онцлог байв.
Энэ дагуу төслийн хоёр дахь жилд хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь шүүхийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын иргэд, олон нийтэд ач холбогдолтой шинэтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд төвлөрөх юм.


