Logo 1 Logo 2

"Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд" төслийн төлөөлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайдтай уулзаж, төрийн эрх мэдлийн институц хоорондын зөвлөлдөх механизм бүрдүүлэх талаар санал солилцов

EJAM News

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст болон "Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд" төслийн төлөөлөгчдийг 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав.  

Уулзалтын үндсэн сэдэв нь төслийн урт хугацааны чухал зорилт болох хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын дунд харилцан зөвлөлдөх механизм бүрдүүлэх асуудалд чиглэв.  Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс энэхүү санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ нь Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэл, түүний дотор хууль эрх зүйн орчныг илүү нээлттэй, иргэн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн тогтолцоо болгон хөгжүүлэх зорилттой нягт уялдаж байгааг онцолсон юм.

Төрийн эрх мэдлийн салбар хоорондын зөвлөлдөх механизм нь энгийн иргэдийн хувьд албаны бөгөөд хөндий байж магадгүй ч тэдний аж амьдралд чухал ач холбогдолтой юм. Хэрэв шүүх эрх мэдэл нь нөөц боломж дутмаг, шийдвэр, үйл ажиллагааг нь үргэлж гажуудуулан ойлгуулдаг, эсхүл төрийн үйл ажиллагааны нийтлэг хүрээ хязгаараас салангид байвал иргэддээ үр нөлөөтэй үйлчилж чадахгүй.  Иймд шүүх эрх мэдэл иргэдийн итгэлийг хүлээж ажиллахын тулд хууль тогтоомжийн орчин нь тодорхой, шаардлагатай төсөв санхүү, хүний нөөц, дэд бүтцээр хангагдах шаардлагатайгаас гадна  шүүхийн үйл ажиллагаа, хараат бус байдлын ач холбогдлыг иргэдэд тайлбарлан таниулах явдал чухал юм. Үүнээс гадна шүүгч нар хэрэг маргаан хянан шийдвэрлэхдээ улс төрийн аливаа дарамт шахалт, хөндлөнгийн нөлөөллөөс ангид, хараат бус байх учиртай.

Энэ бол төслийн зүгээс дэмжин ажиллахыг зорьж буй гол асуудал юм. Шүүхийн хараат бус байдал гэдэг нь бусдаас тусгаарлагдах тухай асуудал биш.  Харин шүүгчид аливаа хэргийг хуульд нийцүүлэн шударгаар хянан шийдвэрлэх тухай ойлголт юм. Иймд  хууль тогтоох, төсөв батлах, шүүхийн захиргаа, төрийн үйлчилгээ болон шинэтгэлийн асуудал хариуцсан байгууллагууд тогтолцооны шинжтэй суурь асуудлаар өөр хоорондоо тогтвортой зөвлөлдөж хамтрах зохион байгуулалт бүрдүүлэх шаардлагатай юм.  Ийм нөхцөл боломжийг бүрдүүлээгүйгээс шинэтгэлийн бодлого, чиглэл зөрчилдөж, улмаар шүүхэд итгэх иргэдийн итгэл сулрахад хүрч болзошгүй.

Төрийн эрх мэдлийн байгууллагуудын дунд тогтмол зөвлөлдөж, яриа хэлэлцээ хийдэг болсноор шүүх эрх мэдлийн төсөв санхүү, барилга зэрэг нөөц, шударга ёсны хүртээмж, шүүхийн талаарх иргэдийн мэдлэг ойлголт, цахим шилжилт, хараат бус байдлын баталгаа зэрэг тогтолцооны шинжтэй асуудлыг хамтран хэлэлцэх орон зай бүрдэнэ.  Ийм орон зайд тухайлсан хэрэг маргаан, эсхүл шүүхийн шийдвэрийн талаар огт дурдахгүйгээр иргэдийн итгэлийг хүлээсэн, шударга, үр нөлөөтэй шүүхийн тогтолцоог бүрдүүлэхэд төрийн эрх мэдлийн салбар тус бүрийн гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголттой болох юм.

Элчин сайд Даустын зүгээс шүүхийн тогтолцоог бэхжүүлэхийн ач холбогдол нь зөвхөн шүүхээр хязгаарлагдахгүй гэдгийг тэмдэглэв. Хараат бус, ил тод, ойлгомжтой бөгөөд иргэдийн итгэлийг хүлээсэн шүүхийн тогтолцоо нь худалдаа, хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг бүрдүүлдэг. Эрх зүйн зохицуулалт, дүрэм журам нь тодорхой, гэрээний үүргийг шударгаар сахин биелүүлдэг, иргэд хоорондын маргаан нь итгэл хүлээсэн байдлаар шийдвэрлэгддэг улс оронд гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид итгэлтэйгээр хөрөнгө оруулдаг. Канад Улсын Засгийн газраас дэлхий даяар худалдааны харилцаагаа төрөлжүүлж, Монгол зэрэг улс орнуудтай эдийн засгийн түншлэлээ гүнзгийрүүлэхийг зорьж байна. Иймээс шүүхийн тогтолцоог бэхжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлж, хариуцлагатай, урт хугацааны хөрөнгө оруулалт татах чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа хэрэг юм.

Мөн уулзалтын үеэр Канадын төлөөлөгчид төслийн хүрээнд Шүүхийн байгууллагуудын ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлж буйг онцолсон юм. Цаашид дараагийн шатанд хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудтай илүү өргөн хүрээнд зөвлөлдөж, яриа хэлэлцээ өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд эхний ээлжинд Канад Улсын энэ талаарх туршлагыг судалж,  дараа нь Монгол Улсад өндөр түвшний бага хурал зохион байгуулахаар төлөвлөж буйгаа танилцуулсан юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс төслийн дээрх зорилтыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд шүүх засаглал нээлттэй, ил тод, хүртээмжтэй, иргэн төвтэй байхын чухлыг онцолж, цахим шилжилт болон байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг дурдлаа. Уулзалтын явцад шүүхийн тогтолцоог бэхжүүлэх нь зөвхөн нэг байгууллага, эсхүл салбарын асуудал бус, харин төрийн эрх мэдлийн бүхий л салбар болон шатанд нэгдсэн байдлаар хандаж, хувь нэмэр оруулах шаардлагатай гэдэг дээр санал нэг байв.

Канад болон Монгол Улс нь хараат бус, шударга, ил тод, иргэдийн итгэлийг хүлээсэн шүүхийн тогтолцоог хөгжүүлэхийн төлөө энэхүү төслөөр дамжуулан тогтвортой хамтран ажиллах болно. Ялангуяа дээр дурдсан гурван талт зөвлөлдөх механизм нь төслийн хэвшүүлэн үлдээх гол үр дүн байх бөгөөд эрх зүйт ёсыг бэхжүүлэхийн төлөөх хамтын ажиллагааны механизм болох юм.

Холбоо барих

Бидэнтэй холбогдох

“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төсөлтэй холбогдож, мэдээлэл авах бол та доорх хаягаар холбогдоно уу.

Цахим шуудан: info@ejam.mn
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, А.Амарын гудамж – 29, “Сан бизнес төв”, 4 давхар 401 тоот, Улаанбаатар – 14200, Монгол Улс

Зөвхөн дотоод хэрэгцээнд:

Төслийн түнш байгууллагууд болон зөвшөөрөлтэй хэрэглэгч нэвтэрч, төслийн дотоод үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг, материалтай ажиллана.

Нэвтрэх

Энэхүү төслийг Канад Улсын Засгийн газраас тус улсын Гадаад хэргийн яамаар дамжуулан санхүүжүүлэв.