Монгол, Канадын шүүгчдийн холбоодын хамтын ажиллагаа өргөжиж байна
Шүүгчийн ажил мэргэжил өөрийн гэсэн онцлогтой. Хэрэг хянан шийдвэрлэх явцад гарсан саад тотгор, хүндрэл бэрхшээл, ээдрээ төвөгтэй, амаргүй нөхцөлд гаргасан шийдвэр гээд энэ бүхэн зөвхөн шүүгчийн оюун санаанд, шүүх хуралдааны танхимд үлдэх нь бий. Ийм учир шүүгч хүн бусдын адилаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрт тулгамдаж буй асуудлаа ярилцаж зөвлөлдөх, гарц шийдлээ хамтран тодорхойлох, нийтлэг зорилгын дор нэгдэх, харилцан бие биенээ дэмжих боломжтой цөөн орон зайн нэг нь шүүгчдийн холбоо юм.
“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн зүгээс Монголын Шүүгчдийн холбоонд дээрх зорилгоо хэрэгжүүлэн ажиллахад нь бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээр зорьж буй бөгөөд энэ хүрээнд Канадын Дээд шатны шүүхийн шүүгчдийн холбоо (Сanadian Superior Courts Judges Association)-ны айлчлалыг 2026 оны 05 дугаар сарын 06-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Монголын Шүүгчдийн холбооноос гадаад харилцаагаа өргөжүүлэх хүрээнд бусад улсын шүүгчдийн холбоодтой хамтын ажиллагаа тогтоосны нэг нь Канадын шүүгчдийн холбоо юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Канад Улсын Ньюфаундленд болон Лабрадор мужийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Кэтрин О'Брайен болон тус холбооны Гүйцэтгэх захирал Стефани Локхарт нарын төлөөллөөс бүрдсэн төлөөлөгчид Монголын Шүүгчдийн холбооны удирдлага, хороод, ажлын алба болон бусад байгууллагын төлөөлөлтэй уулзаж, өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилт бэрхшээл зэргийг тодруулан цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон юм.
Төлөөлөгчид Монголын Шүүгчдийн холбооны удирдлагатай албан ёсны уулзалт хийж, холбооны бүтэц, үйл ажиллагаа, гишүүдийн оролцоо болон мэдээлэл харилцааны салбарт тулгарч буй асуудлуудын талаар ярилцан засаглал, дотоод бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлснээр айлчлал эхэлсэн.
Мөн шүүх, шүүгч нарын ажлын орчин нөхцөлтэй биечлэн танилцах зорилгоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүдэд ажилласнаас гадна бүх шатны шүүх болон нийслэл, орон нутгийн шүүгчдийн төлөөллийг оролцуулсан дугуй ширээний уулзалт зохион байгуулж, тулгарч буй саад бэрхшээл, Шүүгчдийн холбооны үйл ажиллагааг сайжруулах, чадавхжуулах асуудлыг ярилцан Канадын талын туршлагыг танилцуулсан юм.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн С.Энхбаатар, Л.Өлзийжаргал, Шүүхийн сахилгын хорооны дарга С.Энхтөр, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн, Монголын Хуульчдын Тамгын газрын дарга Ш.Жолбарс болон эдгээр байгууллагын албан хаагчидтай уулзаж, шүүгчдийн ажлын орчин нөхцөл, сонгон шалгаруулалт, томилгоо, сахилга хариуцлага, сургалт, сэтгэл зүйн эрүүл мэнд, гадаад харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудыг ярилцсан юм.
Айлчлалын төгсгөлд талууд үр дүнгээ нэгтгэн дүгнэж, цаашид хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах төлөвлөгөөний төслийг боловсрууллаа. Уг хамтын ажиллагааны төлөвлөгөөнд Монголын Шүүгчдийн холбооны засаглал, бодлогын баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулах, төлөвлөгөөний хэрэгжилтийг хариуцсан дундын хороо байгуулан ажиллуулах, тогтмол мэдээлэл солилцож хамтран ажиллах, шүүгч нар өөр хоорондоо мэдээлэл солилцох платформ, аппликэйшн хөгжүүлэх, харилцан туршлага судлах арга хэмжээ зохион байгуулах зэрэг ажлыг талууд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хоёр улсын шүүгчдийн холбооны энэхүү түншлэл нь Шүүгчдийн холбоог зөвхөн институцийн хувьд бэхжүүлэхэд бус, харин гишүүн шүүгчдэд чиглэсэн бодит дэмжлэг үзүүлэх, шүүхийн хараат бус байдлыг төлөвшүүлэх, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлэхэд чиглэсэн чухал хамтын ажиллагаа гэдгийг талууд онцолсон юм.







