Logo 1 Logo 2

"Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд" төслийн түншүүд эхний жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийн хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлов

EJAM News

"Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд" төслийн Канад талын төлөөлөгчид 2026 оны 4 дүгээр сарын 14-өөс 17-ны өдрүүдэд Монгол талын түнш байгууллагууд буюу Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн академи, Монголын шүүгчдийн холбоо, "Оюуны-Инноваци" ТББ-тай ажил хэргийн уулзалт хийлээ.

Монгол, Канадын түншлэгч талууд дээрх уулзалтаар төслийн эхний жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн хоёр дахь жилийн үйл ажиллагааны чиглэлээ хамтран тодорхойлсон. Тодруулбал, төслийн эхний жилд шүүхийн байгууллагуудыг өөр хоорондоо харилцаж хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулах суурь нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай судалгаа шинжилгээг хийх, сургалт зохион байгуулах зэрэг чиглэлд төвлөрч ажиллаж байсан бол хоёр дахь жилээс бодит үр дүнд чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Дээрх төлөвлөлт нь иргэдийн хувьд ач холбогдолтой. Учир нь шүүхийн шинэтгэл нь зөвхөн хууль тогтоомжийн болон байгууллагын өөрчлөлт шинэчлэлийн асуудал бус, харин иргэд, олон нийт шүүхийн үйл ажиллагааны талаар мэдлэг ойлголттой болж, өөрт хэрэгцээтэй мэдээ мэдээллийг хялбар байдлаар олж авах боломж бүрдэн, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын зүгээс шударга ёсны үйлчилгээг хангалттай түвшинд үзүүлж, иргэд, олон нийтийн өмнө тулгамдаад буй асуудалд хариуцлагатай хандан шийдвэрлэж байгаа эсэх зэрэг олон хүчин зүйлсээс хамаарна.

Шүүхийн байгууллагуудын зүгээс ч иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэх чиглэлд төслийн зүгээс ямар байдлаар дэмжлэг үзүүлэх боломжтойг хөндөж байв. Жишээ нь шүүхийн шийдвэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүгчийн ажил үүргийн талаар иргэдэд ойлгомжтой тодорхой мэдээлэл хүргэж, мэдлэг ойлголтыг нь дээшлүүлэх шаардлагатай байгааг дурдаж байв. Цаашлаад иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн баталгааг нэмэгдүүлэх, ялангуяа тодорхой саад бэрхшээлийн улмаас шүүхэд хандах бололцоогүй байгаа иргэдэд зориулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх болон авах бололцоотой үйлчилгээ зэргийн талаар сайтар тайлбарлан танилцуулах зэргээр дэмжлэг үзүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.  

Уулзалтын үр дүнд төслийн хоёр дахь жилийн үйл ажиллагааг Монголын шүүхийн байгууллагуудын бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлд нийцүүлэн төлөвлөх, мөн Канад Улсын шүүхийн байгууллагуудын тухайлсан туршлагыг судлан авч үзэх боломж нөхцөл бүрдэж байгаа юм. Хамтын ажиллагааны ийм арга барил нь энэхүү төсөл зөвхөн нэг зорилт, арга хэмжээнд бус, харин шударга, хараат бус, ил тод, хүртээмжтэй шүүхийн тогтолцоог бэхжүүлэн төлөвшүүлэх нэгдмэл зорилгын дор хэрэгжиж буйг илтгэнэ.

Төслийн үйл ажиллагаа жигдрэн хоёр дахь жилдээ шилжиж буй энэ цаг үед зохион байгуулсан дээрх уулзалтуудаар иргэдийн шүүхэд хандаж хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхэд нь дэмжлэг болохуйц бодитой ахиц дэвшил гаргах талаар зорилго чиглэлээ бататгасан бөгөөд цаашид нь төслийн зургаан түнш байгууллагатай зөвлөлдөх, зөвшилцөх үйл явц эрчимтэй үргэлжлэх болно.

Холбоо барих

Бидэнтэй холбогдох

“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төсөлтэй холбогдож, мэдээлэл авах бол та доорх хаягаар холбогдоно уу.

Цахим шуудан: info@ejam.mn
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, А.Амарын гудамж – 29, “Сан бизнес төв”, 4 давхар 401 тоот, Улаанбаатар – 14200, Монгол Улс

Зөвхөн дотоод хэрэгцээнд:

Төслийн түнш байгууллагууд болон зөвшөөрөлтэй хэрэглэгч нэвтэрч, төслийн дотоод үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг, материалтай ажиллана.

Нэвтрэх

Энэхүү төслийг Канад Улсын Засгийн газраас тус улсын Гадаад хэргийн яамаар дамжуулан санхүүжүүлэв.